Ээлжийн амралттай холбогдуулж иргэдээс ирсэн асуултын хариу!

Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н. Нарангэрэл:
Иргэн: Ээлжийн амралтын мөнгө нь тухайн амарсан сарынхаа цалинг бодуулаад дээр нь нэмж амралтын мөнгө бодуулдаг уу ? Эсвэл тухайн сарын цалингаа авахгүй шууд амралтын мөнгөө авдаг уу ?
Цалинг ажилласан хугацаанд л авна. Сараар нь урьдчилж авна гэсэн ойлголт байхгүй. Хуулиараа бол ээлжийн амралтын мэдэгдэх хуудас өгөх ёстой. Жишээлбэл та 15 жил 3 сар ажилласан гэж бодъё. Тэгвэл таны энэ оны ээлжийн амралт 2014 оны ….. сарын …. өдрөөс эхлэн …. сарын…. өдөр хүртэл үргэлжилнэ гэсэн бичиг байна. Энэ бичгийг байгууллагын хүний нөөцийн менежер буюу боловсон хүчний мэргэжилтэн өгөх ёстой. Мэдэгдэх хуудас авсан ажилтан тэр хуудсанд заасан өдрийн өмнөх өдөр санхүүгийн ажилтандаа өгөх ёстой. Тэгэхээр тухайн сард ажилласан хэд хоног байна тэр хоногийнх нь цалинг өгнө. Дээр нь амрах хоногийн тоогоор ээлжийн амралтын олговрыг нь тооцож олгох ёстой. Тэрнээс биш сарын цалин авах тухай асуудал байхгүй.
Иргэн: Ээлжийн амралт авахад нийгмийн даатгалын шимтгэл мөнгөнөөс бодож авдаг гээд суутгаад байх юм . Ингэж болдог юм уу ?
Ер нь бүх олж байгаа ашиг орлогоос тань ашиг орлогын буюу орлогын татвар авдаг. Тийм болохоор нийгмийн даатгалын шимтгэл авах нь зөв.
Иргэн: Ажлаасаа 5 сарын цалингүй чөлөө авсан ба тэр хугацаан дахь нийгмийн даатгалаа өөрөө хувиараа төлсөн тохиолдолд амралтыг хэрхэн боддог вэ ?
Ээлжийн амралт тооцоход нийгмийн даатгалын шимтгэл төлсөн , төлөөгүй тухай асуудал хамаагүй. Эрүүл мэнд нийгмийн хамгаалалын сайдын 2001 оны 160 дугаар тушаалаар баталсан ээлжийн амралт олгох заавар гэж байгаа. Энэ заавраар бол анх хүн сургууль төгсөөд ажилд ороход ажлын нэг жилийн тухай асуудал яригдана. Бүтэн жил ажиллаад буюу 11 сар ажиллаад 12 дахь сар дээрээ ээлжийн амралтын эрх үүсдэг. Тэрнээс хойш нэг байгууллагад ажиллана уу, өөр байгууллагад ажиллана уу хамаарахгүйгээр тухайн тэр ажилласан жилд хэдэн сар ажилласан нь хамаарахгүй ээлжийн амралт олгох ёстой.
Иргэн: Нийгмийн даатгал төлөлгүй ажилласан хүнд амралтын эрх үүсч мөнгө олгодог уу ?
Нийгмийн даатгалтай огт хамаарахгүй амралтын эрх үүснэ. Нийгмийн даатгалын харилцаа, хөдөлмөрийн харилцаа хоёр тусдаа зүйл. Нийгмийн даатгал төлөх тухай асуудал бол тэтгэвэр авах, ажилласан жилээ тооцуулахад л хамаарна.
Иргэн: Тухайн байгууллагыг татан буулгаад нэрийг нь өөрчлөн томруулсан тохиолдолд ээлжийн амралтыг яаж бодох вэ ? Бүх ажилчид нь хэвээрээ ажиллаж байхад шинэ байгуулагдсан гээд амралт бодохгүй байна ?
Ээлжийн амралт байгууллагын нэр өөрчлөгдөх, татан буугдах асуудалтай ямар ч хамаагүй. Ажилласан л бол ээлжийн амралт ажлын жилдээ авах ёстой.
Иргэн: Жилд нэг удаа сургуульд гурван сар сурдаг хүн ээлжийн амралт авч болохгүй гэсэн тийм үү ?
Ажлаасаа хөндийрөхгүйгээр суралцах хугацаанд цалинтай болон цалингүй чөлөө олгодог. Тэр асуудал бол ээлжийн амралт олгохтой огт хамаагүй. Байгууллага өөрөө нэгэнт л суралцуулахаар шийдвэрлэсэн бол тэр хүнд тухайн жилд нь оногдох ээлжийн амралтыг олгох ёстой. Суралцсантай холбоотой чөлөө олгох нь ээлжийн амралт олгоход ямар нэг нөлөө үзүүлэх ёсгүй.
Иргэн: Би 2013 онд ээлжийн амралтаа биеэр эдлээгүй бөгөөд энэ оны 1 сард өмнөх оны ээлжийн амралтын мөнгийг олгосон. Гэтэл би нэ оны таван сард жирэмсэний амралтаа авах бөгөөд үүнээс өмнө ээлжийн амралт бодож өгөх үү ?
Өгнө. Ээлжийн амралтаа он дамжуулж авах , авахгүй байх асуудал ерөөсөө хамаагүй. Байгууллага өөрийн ажлын эрх ашгийн үүднээс тухайн хүнийг тухайн ажлын жилд нь амраагаагүй байж болно. Тэр хүн он гарангуут амралтынхаа мөнгийг авдагаараа авчихсан л байна. Тийм учраас амралтын хоног нь хойшилж байна гэсэн үг. Тийм болохоор асуудал үүсэх ёсгүй. Жирэмсний амралт авахын өмнө заавал ээлжийн амралт авна. Тэгээд залгуулаад жирэмсний амралтаа, мөн залгуулаад төрсний, амаржсаны амралтаа авах ёстой. Энэ зохицуулалтыг байгууллагын нягтлангууд бүгд сайн мэддэг. Энэ хүн нэг жилд хоёр амрах гэж байна гэж бодоод байх шиг байна. Тэгэхээр энэ хүн нэг жилд хоёр амраагүй өмнөх жилийн амралтаа л нөхөж амарч байна гэсэн үг.
Иргэн: Тухайн ажилтан ажилласан жилээрээ жилд 15 хоногийн ээлжийн амралтын олговор авдаг. Гэтэл 6 сар жирэмсэний амралттай байгаад орж ирсэн тохиолдолд ээлжийн амралтын мөнгийг яаж тооцож олгох вэ ? Жирэмсэний чөлөөтэй байсан хугацааг хасаж тооцох уу ?
Хүн төрөх өдөр хоногийг эмнэлгийн байгууллага маш тодорхой хэлдэг болчихсон. Тийм учраас энэ хүн байгууллагадаа би тэдэнд төрөх ёстой гэдгээ хэлнэ. Жирэмсний амралтаас өмнө заавал тухайн жилийн ээлжийн амралтыг олгоно. Ээлжийн амралт, Жирэмсэний амралт гэдэг чинь хоёр өөр асуудал.
Иргэн: Хурууны хээгээр ажлаас хоцорлоо гэж цалин хасдаг. Бүр цалин өгөөгүй , нийгмийн даатгал ч төлдөггүйгээр барахгүй илүү цагаар шөнийн 00-02 цаг хүртэл ажиллуулдаг. Заримдаа бүр хонон өнжин ажиллах хэрэгтэй болдог. Ийм газруудыг яах вэ? Хаана хандах ёстой бол ?
Хурууны хээгээр бүртгэх тухай асуудалд ямар нэг хуулийн зохицуулалт байхгүй. Хурууны хээгээр бүртгэдэг ч бай, хүн суулгаад бүртгэдэг ч бай хүний цалингаас цаг минутаар суутгадаг тухай асуудал огт байхгүй. Хуулинд юу гэж заасан байдаг вэ ? гэхээр энэ бол хөдөлмөрийн сахилгын асуудал. Хөдөлмөрийн сахилга зөрчвөл сануулах, цалинг нь бууруулах, ажлаас халах гэсэн 3 янзын арга хэмжээ авдаг. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Өглөө ирэх цагийг нь бүртгэж цалингаас хасч болж байгаа юм бол орой илүү цагаар ажиллаж байгааг яагаад тооцохгүй байна. Энэ асуудлаа ажилтан өөрөө тухайн байгууллагынхаа захиргаанд эсвэл ажилтны эрх ашгийг хамгаалах түвшний байгууллагад тавьж шийдүүлэх хэрэгтэй.
Ер нь хөлс мөнгөний тухай асуудалд тухайн ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тэр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд ямар , ямар нэмэгдэл хөлс юу юу олгох вэ гэдгийг сайн үзэж танилцах байх ёстой. Энэ асуудал гэрээгээр шийдэгдсэн байдаг. Гэтэл зүгээр формальный гарын үсэг зурчихаад сүүлд нь надад ийм , тийм асуудал тулгарлаа гэж ярих нь тэр хүний өөрийн хариуцлагатай холбогдоно. Хэрвээ гэрээ зөрчсөн бол мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж шалгуулах эрх байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага албан шаардлага өгөөд байхад шийдэхгүй бол шүүхэд хандах хэрэгтэй. Манайханд нэг гэм байна. Шүүхэд хандах эрхтэй гэнгүүт хэн тэгэж явж байдаг юм. Тийм зав зайгүй. Олон удаа дуудаж чирэгдүүлдэг гэдэг. Тэр шүүх хяналтын байгууллагын хийх ёстой ажлынхаа дагуу ажиллаж л таарна . Тэрийг давж гарч л өөрийнхөө гомдол, саналаа шийдүүлэх хэрэгтэй. Өөрөө өөрийнхөө төлөө сэтгэл гаргаад залхууралгүй тэмцэх чадвартай баймаар байна. Иргэд маань энэ дутагдлаа засах хэрэгтэй. Тэгж байж зөв шийдвэр гаргуулна. Гэхдээ шүүхээс дуудчихаад дуудах болгондоо нэг хэвийн асуулт асуугаад байгаа бол гомдол гаргаж болно л доо. Хууль хэрэгждэг нийгэмд хуулийн дагуу амьдарч , хуулиар юм шийдүүлэх гэж байгаа бол хууль хяналтын байгууллагатай харьцах нь зайлшгүй зүйл. Өөрийнхөө эрх ашгийн төлөө явахгүй, залхуураад, тайлбар тавиад суугаад байх нь учир дутагдалтай.
Иргэн Сайнжаргал: Би 9 сарын 18 – нд ажилдаа ороод саяхан 3 сарын 10 – нд гарсан боловч миний 6 сар ажилласанд тохирсон ээлжийн амралтын мөнгийг өгөөгүй. Энэ тохиолдолд яг өгөх ёстой хууль дүрэм байгаа юу ?
Өгөх ёстой. 6 сар ч бай, 3 сар ч бай ажиллаад халагдлаа гэхэд хуулинд бол маш тодорхой заасан байгаа. Ажилласан хугацаанд нь оногдох ээлжийн амралтынх нь мөнгийг тооцож олгоно. Тэр хүн ажилласан хугацаанд нь оногдсон амралтаа тэр үед нь биеэр эдлэх үү эсвэл дараа нь орсон байгууллагаасаа амралт авахдаа цалингүйгээр тухайн хоногийн ээлжийн амралт эдлэх үү гэдэг нь тэр хүний эрхийн асуудал.
Иргэн Болортуяа: Архи ууж ажлаас халагдсан хүнд ээлжийн амралтыг нь бодож өгөх үү?
Ажлаас халагдахад тэр хүн тодорхой хугацаанд ажилласан л бол тэр хугацаанд оногдох ээлжийн амралтын мөнгийг олгодог. Сахилга батын арга хэмжээгээр халагдахаар мөнгө олгодоггүй гэсэн ойлголт байхгүй. Ажилласан л бол ямар ч нөхцөлд мөнгө авна. Ээлжийн амралт бол ямар нэг арга хэмжээ авагдахтай холбоотой асуудал биш зөвхөн ажилласан хугацаатай л холбогдоно.
Иргэн Баасан: Багш нарын ээлжийн амралтыг яаж бодох вэ. 8 сараас 6 сар хүртэл хугацаагаар бодох уу. Аль эсвэл 6 сард бодогдсон цалин цагийн хөлс ээлжийн амралтын дунджаар бодох уу?
Багшийн ажил бол өөрөө онцлогтой. 10 сар ажиллаад 2 сар ажилладаггүй. Сурагчид амарчихдаг учраас багш нар нийтээрээ амрахаас өөр аргагүй. Багш нарын ээлжийн амралтын асуудлаар боловсролын яамны гаргасан дүрэм журам байдаг байх.
Эцэст нь манай уншигчдад хандаж хэлэх зүйл байна уу ?
Иргэд хууль тогтоомжоо мэдье гэж санаачлага гаргахгүй байна. Өөртөө тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд холбогдох зүйлийг уншиж судлах хэрэгтэй. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Хэдий мэргэжлийн хүнээс хариулт авч байгаа ч гэсэн өөрөө судалж үзвэл илүү сайн. Legalinfo.mn сайтаас бүх хууль тогтоомжийн талаар мэдээлэл авч болно. Ер нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал тулгарвал “Хөдөлмөрийн хууль”, “Төрийн албан хаагчийн тухай хууль” – ийг уншиж судалсан байхад гэмгүй.
Хурууны хээгээр цалин хасдаг газар байвал судалж болиулах хэрэгтэй. Ер нь аль болохоор хүний цалинд халдахгүй байхаар хуулинд заасан байдаг. Хүний цалинг онцгой тохиолдолд хуулийн дагуу дээд тал нь 50 % – иар л хасах боломжтой байдаг.3333
Бизкон.мн